Www.Udurtutam.Net

Солонгос болон Гадаадад Ажиллаж Амьдарч Буй Нийт Монголчууддаа Зориулав

" Цаазалсан Хүнийхээ Тоогоор Хятадаас 2.6 Дахин Илүү Гарчээ "

2010-01-08 12:00

 

2009 оны сүүлчээр олон улсын хүний эрхийн байгууллагаас нэгэн хурал зохион байгуулж билээ. Хүний эрхийн өдрийг тохиолдуулсан байх. Энэ удаагийн арга хэмжээ цаазаар авах ялыг дэлхий нийтээрээ халах тухай байв. Тэнд яригдаж байсан зарим тоо баримтыг эргэж саналаа. 2002 онд “Цаазаар авах ялын эсрэг” олон улсын эвсэл байгуулагдаж, тэр даруйдаа 82 орон эгнээнд нь элссэн аж. НҮБ-аас гаргасан албан ёсны тооцоогоор бол өдгөө дэлхийн 92 орон цаазаар авах ялыг бүрэн халж, 36 улс шүүхийн шийдвэрээр цаазлах ял оноодог ч гүйцэтгэдэггүй юм байна.

 

 

Харин манай улс зургаан төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял өгөхөөр хуульчилжээ. Сүүлийн гурван жилийн дотор 77 хүнд цаазын ял оноож гүйцэтгэсэн нь бусад улс орнуудтай харьцуулахад ниэлээд өндөр үзүүлэлт гэнэ. Жил бүр гучаад иргэнээ цаазалдаг гэсэн үг л дээ. Цаазаар авах ял оноодог тоогоор нь эхний арван улсыг Олон улсын өршөөлийн байгууллага гаргасан байна. 1994 онд гаргасан энэ жагсаалтад тухайн жил 179 иргэнээ цаазалсан Хятад улс тэргүүлсэн бол Иран, Нигери, Саудын Араб удаалжээ. 2006 онд дээрх судалгааг дахин хийхэд мөн л Хятад улс эхэнд бичигдсэн бөгөөд цаазалсан хүний тоо нь 1060-д хүрсэн байх юм. Манай улс ч гэсэн 1999-2000 оны хооронд 200 гаруй хүнд цаазын ял оноосон тухай хэвлэлд бичигджээ.

Зарим судлаачдын бичсэнээс үзвэл Монгол Улс сүүлийн 40 жилийн дотор 800 гаруй иргэнээ цаазалсан нь Хятадаас 2.6 дахин, АНУ-аас 8.6 дахин их болохыг хүн амд нь харьцуулан гаргасан нь анхаарал татна. Олонхи орны судлаачдын үзэж буйгаар цаазаар авах ялыг оноосноор гэмт хэргийг бууруулахгүй, харин ч харгислалыг нэмэгдүүлдэг байна. Харин манай хуульчид болон судлаачид “Хэзээ нэгэн цагт цаазаар авах ялыг халах нь зүй. Гэхдээ улс орны эрүүгийн нөхцөл хүнд байхад халж болохгүй (Хуульч Ч.Ганбат)”, “Цаазаар авах ялыг хэрэглэхээ больчихвол манайх шиг жижигхэн оронд цусан өшөө авах явдал ч гарч болохыг үгүйсгэхгүй” (сэтгүүлч Д.Тогтохбаяр), “…хүн амины эсрэг гэмт хэрэг 30.9 хувиар өссөн ийм нөхцөлд энэ ялыг байхгүй болгож болохгүй” (Хуульч, эрдэмтэн С.Нарангэрэл) гэснээс харвал хуулийн дээд хэмжээ нэг хэсэгтээ л оноогдсоор байх нь. Цаазлах ялыг халах эсэх талаар олон нийтийн дунд удаа дараа судалгаа явуулсан тайлангаар иргэдийн олонхи цаазаар авах ялыг эсэргүүцсэн атлаа, хүний амь насыг санаатайгаар бүрэлгэсэн, бага насны хүүхэд хүчиндсэн этгээдүүдийг цаазлах нь зүйтэй гэсэн байх аж. Амийг амиар гэсэн зарчим л хадгалагдсаар байгаа хэрэг л дээ.

 

Манай эрүүгийн хууль ч энэ л зарчмаар хийгдсэн нь мэдээж. Өөрөөр яалтай ч билээ. Эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн гэж үзэх үндэслэл байгааг доорхи судалгаанаас харж болно. 2003 оноос хойших таван жилийн дотор хүнийг санаатай алсан гэмт хэргийг харуулжээ. Үүнд, 2003 онд 5874 хэрэг таслан шийдвэрлэсний гурван хувь буюу хүнийг санаатай алсан 175 гэмт хэрэгт 198 хүн, 2004 онд 6272 хэрэг шийдвэрлэсний 4.3 хувь буюу 253 гэмт хэрэгт 289 хүн, 2005 онд эрүүгийн 6966 хэрэг таслан шийдвэрлэсний 3.9 хувь буюу хүнийг санаатай алсан 276 гэмт хэрэгт 312 хүн, 2006 онд эрүүгийн 5558 хэрэг таслан шийдвэрлэсний 4.4 хувь буюу 251 гэмт хэрэгт 284 хүн, 2007 онд эрүүгийн 5831 хэрэгтаслан шийдвэрлэсний 4.2 хувь буюу 250 гэмт хэрэгт 276 хүн тус тус ял шийтгүүлсэн нь цаазаар авах ялыг халах болоогүйг харуулсан тоо баримт хэмээн үзэхэд хүргэсэн бололтой. Цаазаар авах ялыг хэрэглэснээр гэмт хэрэг цөөрнө гэх үзэл баримтлал нэлээд эртнээс улбаатай бөгөөд өнөө ч хүчин төгөлдөр мөрдөгдсөөр.
Тухайлбал 1961 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд эх орноосоо урвах, тагнуул хийх, улс төрийн зорилгоор аллага хийх, хорлон сүйтгэх, бусдыг хүндрүүлэх шалтгаантайгаар санаатай алах, олон нийтийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах гэмт хэрэгт цаазаар авах ял оноохоор тусгасныг 2002 онд хэвээр үлдээжээ.

 

 

 

 

 

ЦААЗААР АВАХ ЯЛ ОНООЖ БАЙСАН ТҮҮХЭЭС

 

 

 

Хөвсгөл аймгийн шүүхийн шүүгч, магистр Н.Мөнхөө цаазаар авах ялыг хэрэглэж байсан тухай түүхэн баримтуудаас иш татан бичжээ. Түүний олж тогтоосноор бол Чингэсийн “Их засаг” хуулийн хориглосон З6 үйлдлийн 13-т нь”…цаазаар авах ял оногдуулах”, 1640 оны Монгол-Ойрадын хууль цаазын бичигт: ” …эxнэp хүүхдийг нь хоосруулан хөөж, цаазаар авах”, 1670 оны “Халх журам” хуульд” хүн амины эсрэг гэмт хэрэгт цааз оноох, 1815 онд гаргасан гадаад Монголын “Цааз бичиг”-т …цаазаар авах бөгөөд хөрөнгийг бүгдийг, эсвэл заримыг хурааж хохирогчид нь шилжүүлэх, хил давж оргох, зэвсэгт бослогод тусалсан этгээдийг шүүхээр хэлэлцэхгүй алах”, 1919 оны Богд хааны Монгол Улсын “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хуулийн бичиг”-т “…эрүүгийн алах ял” оноохоор тус тус тусгасан байдаг ажээ. 1921 онд алах ялыг түр зуур хэрэглэх онцгой ял хэмээн тооцож явсаар, 1923 онд Ардын Засгийн газрын тогтоолоор “…зэвсэгт дээрэм хийсэн, бусдыг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй алсан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оноох” тухай албан ёсны болгон баталгаажуулсан байна. 1926 онд батлагдсан “Шүүх цаазын бичиг”-ийн тавдугаар зүйлд “алах ял” хэмээн нэрлэж үндсэн ялд багтаасан бол 1929 оны “Шүүх цаазын бичиг”-т” Буудан алах” гэж тодорхойлоод энэ ялыг оноох хэргийн зүйлийг 16 болгон нэмэгдүүлжээ. Гэвч дэндүү хүндрүүлсэн дээрх заалт хэрэгжиж амжилгүй өөрчлөгдсөн нь 1929.09.23-ны “Шүүх цаазын бичиг”-ийн шинэчилсэн найруулга болов. Энд зааснаар “алах ял”-ыг үндсэн ялаас хасч, хэрэглэхийг тодорхой хэмжээгээр хязгаарласан байдаг. Дараа нь 1934 онд СнЗ (Сайд нарын Зөвлөл)-ийн хурлаар ял шийтгэлийн төрлийн нэгд “буудан алах ял” гэж оруулжээ. Ингэж тодруулахдаа “буудан алах” ял оноох зүйлийн тоог 25 болгон нэмэгдүүлсэн бол 1942 онд ялын дээд хэмжээ оноох зүйлийг 44 болгон тогтоосон байна. Эдгээр 44-ийн 26 нь цэргийн гэмт хэрэг гэж үзсэн нь дайны цагийн онцгой байдалд нийцүүлсэн хэрэг буй заа. Энэ хатуу хууль 22 жилийн турш үйлчилж “их хэлмэгдүүлэлт”-ийн үеийн хилсдүүлэн цаазалсан олон мянган хүний хувь заяаг шийдвэрлэсэн нь тэр буюу. 1961 онд цаазаар авах ялыг “онцгой ял” хэмээн тооцож, оноох зүйлийн тоог 12 болгосон нь хэлмэгдүүлэлт тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан он цагтай таардаг. Улмаар 1986 онд цаазлах ял” оноох хэргийн зүйл 11, 1993 онд энэ зүйлчлэл тав болон цөөрсөн нь ялын бодлого хүмүүнлэг зүг рүүгээ чиглэсний нотолгоо мөн болов уу. 2008.02.01-нд оруулсан нэмэлттэйгээр бол өдгөө төр нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хорлон сүйтгэх, хүчиндэх, зандалчлах, төрлөөр устгах, хүнийг санаатай алах гэмт хэргийн зүйлчлэлийн 14 төрлийг нэмэн нийт 17 зүйлчлэлийн хэрэгт цаазаар авах ял оноож байгаа ажээ.

 

 

 

ЦААЗЛАХ ЯЛЫГ ХЭРХЭН ГҮЙЦЭТГЭДЭГ ТУХАЙ

 

 

Цаазаар авах олон арга түүхээс улбаалан ирсэн байдаг. Тухайлбал буудан алах, дүүжлэх, толгойг цавчих, хийгээр хордуулах, үхлийн тарилга хийх, цахилгаан сандалд суулгах, чулуугаар цохиж алах гэхчилэн улс орон бүрт янз бүрийн арга хэрэглэдэг бол монголчуудын түүхэнд цус гаргалгүй хороох буюу нугасыг нь таслан хөнөөх шийтгэлийг Жамухад оноосон тухай “Нууц товчоон”-д дурдсан нь буй. 1921 оноос өмнөх Монголын хууль цаазын бичгүүдэд дурдсанаар бол цавчин алах, огтчин алах, хөвчдөн алах гэх гурван үндсэн аргыг хэрэглэдэг байжээ.


Харин 1922.08.30-ны өдөр Бодоо нарын 15 хүнд “эх орноосоо урвасан” гэх зүйлчлэлээр цавчин алах, хөвчдөн алах ял оноосон байдаг бөгөөд хувьсгалын ёсонд нийцүүлэн “буудан алах”-аар шийдвэрлэсэн нь архивт хадгалагдан үлджээ. Цаазаар авах ялыг буудан гүйцэтгэнэ хэмээн хуульчилсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 53.2 дахь заалт юм. Ийнхүү цаазаар авахуулах ял заагдсан хүмүүсийг буудан хороодог гэх боловч энэ үйл ажиллагаа маш нууц байдалд явагддаг учир иргэдийн дунд янз бүрийн таамаг яриа гарах, цаазлагдагчийн ар гэрийнхэн хоосон горьдлого тээх, мөн талийгаачийнхаа шарилыг хаа нэгтээ нутаглуулах юм сан гэх хусэл үүсдэг нь үнэн. Зарим улс оронд цаазлах ялыг хохирогч талынхныг оролцуулан гүйцэтгэдэг жишиг бий. БНХАУ, Сири, Нигери зэрэг 22 улс оронд цаазлах ялыг олны нүдэн дээр гүйцэтгэдэг нь тодорхой зорилго агуулдаг хэмээдэг. Манай улсын хувьд олны өмнө цаазалсан хоёр тохиолдол байсныг хөгшчүүл ам дамжин ярьдаг. Их хэлмэгдүүлэлтийн үеийн нийтээр нь жагсааж байгаад буудсан тохиолдлыг оролцуулалгүйгээр шүү дээ. 1940-өөд оны эхэн үед юм гэсэн. ЗХУ ( тухайн үеийн нэрээр) мэргэжилтэнг санамсаргүй тохиолдлоор автомашинаар дайрч хөнөөсөн жолооч залууг Тасганы овооны энгэрт олны нүдэн дээр буудан хөнөөсөн тухай яриа бий. Тэр явдлыг нүдээр харсан гэх нэг буурайн өгүүлснээр бол хоёр rap нь ардаа хүлээстэй тэр залуугийн халимаг үс хийсч нүд рүү нь унаад ирэхээр толгойгоо арагш шидэн хойшлуулаад инээмсэглэж байсан гэх. Үнэн худлыг манай хуульчид, түүхчид л мэдэх биз ээ. Албан ёсоор хэвлэлд бичигдсэн хоёр дахь тохиолдол нь 1954 онд Завхан аймагт болсон аж. Дорлигсүрэн гэх хэмт хэрэгтнийг нутгийн олны өмнө буудан хороосон юм байна. Нэгэнт л цаазаар авах ял оноосон нь үнэнээс хойш, буудан хороосны дараа цогцсыг нь төрөл төрөгсдөд нь хүлээлгэн өгч, нутаглуулдаг байж болдоггүй юм болов уу гэх яриа тасардаггүй. Мэдээж цаазлуулсан хүн болгонд биш байх л даа. Гэхдээ л “үхтэл ур харам” гэж хэнд ч гэсэн бодох л асуудал болов уу. Ядаж л нутаглуулсан газрыг нь зааж өгөөд, хөшөө чулуугаа тавих боломж олгодог байвал яадаг бол.

 

Ангилал : ★ Аймшигтай | Нийтэлсэн : Bilka | Уншсан (2174) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. baih estoi :
    2010-03-11 14:59

    huniig sanaataigaar alj baiga hun huniig alahdaa hun gej bodoogui baival yahuu......getel ter hunii ami honooson aluurchniig odoo bid yagaad ter chin bas hun gej amiig n orshooh estoi gej.......shuugeed baih ch shaardlagagui notlogdson l bol tsagiin garz shuud buudan alah estoi...........

  2. ZOV HEVEER N ULDEEVEL TAARNAA. :
    2010-03-11 14:54

    MANAI OROND BOL BAISAN N DEEREE . HEVEER N ULDEEH HEREGTEI . TSAAZAAR AVAH YAL HEREGGUI GEJ UZEJ BAIGAA NOHDUUD TER HUNII AMIIG HONOOJ , HUNIIG MOCHILJ SEGLEJ GEDSIIG N TSUVUULJ BAIGAAG BAS TANHAICHUUD GUDAMJIND YAJ HUNTEI HARITSAJ HUMUUSIIG YAJ DARAMTALJ DEERELHEJ DOROMJILJ BAIDAGIIG MEDDEGUI BOLOOD TEGJ HAMAAGUI YUM BURJ YAVDAG BAIHDAA.TED DOROMJLOHDOO CHAMAIG ALCHAAD HEDEN JIL SUUGAAD L,ORSHOOGDOOD L GARAAD IRNE GEH METEER OOHSHIN HUTSAJ YVDAG YUM SHUU....................

  3. баясгалан :
    2010-02-17 14:21

    маш дэлгэрэнгүй байх хэрэгтэй байна. мөн тоон график хэрэгтэй бана.

  4. bumba :
    2010-01-18 16:45

    neeree sonirholtoi medeelluud bna tsaashdaa dahiad iimerhu medeelluudiig tawij bhiig husey bayrallaa

Сэтгэгдэлийн тоо : 4

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл